Монголын мэдээ

ЭТТ 1.5 сая иргэний ногдол ашгийг шилжүүлээгүй байна

#

“Эрдэнэс Тавантолгой” компани тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараана гэдгээ мэдэгдсэн. Нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн. Ногдол ашиг тараана гэж мэдээлснээс хойш 21 дэх өдөртэйгөө золгосон ч иргэдийн дансанд шилжээгүй байгаа юм. Эхэндээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс "1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн ч иргэд хувьцааны данс нээлгэхдээ банкныхаа дансыг баталгаажуулаагүйгээс шилжүүлэг хийхэд асуудал үүссэн" гэдэг тайлбар хийсэн ч одоо харин ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг дутуу шилжиж ирсэн гэх мэдээлэл цацагдах болсон.

Иргэд ч “1072 хувьцааны мөнгө чинь орсон уу”, “Ногдол ашиг тараах ажил сонгуулийн шоу болоод өнгөрөх вий”, “Хувьцааны мөнгийг зургаан сарын дараа өгнө гэнэ, үнэн үү” гэхчлэн биенээсээ асууж, сураг тавина. Яагаад өнөөдрийг хүртэл ногдол ашиг тарааж эхлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна гэдгийг ч хэлж буй юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн С.Тавинжилийнх ам бүл тавуулаа. Гэр бүлээс нь гурван хүн 1072 хувьцааны ногдол ашиг хүртэнэ. Хоёр нь 750, нэг нь 1072 хувьцааны ногдол ашгаа бүтэн авах юм. Гэвч ногдол ашиг тараах ажил сонгуулийн шоу болоод өнгөрөх вий дээ хэмээн ярьж сууна.