Монголын мэдээ

У.Хүрэлсүх VS С.Эрдэнэ

#
У.ХҮРЭЛСҮХ:
Монгол ардын намын дарга

-Монгол ахан дүүсээ та бид төрийн эрх дээд байгууллага УИХ-ыг сонгох байгуулах хариуцлагатай цаг үетэй учран золгож байна. Дөрвөн жилийн өмнө Монгол Улс дэлхийн нийтэд дампуурлаа зарлахад бэлэн, төр засаг тархай бутархай, төрийн сүлд бөхийж, түмний нуруу хотойсон хүндхэн цаг үе байсан. Шийдэх ёстой олон тулгамдсан асуудалтай манай Засгийн газар нүүр тулж байсан. Тэгвэл төсөв санхүүгийн чанга бодлого явуулсны үр дүнд эдийн засаг 7.3 хувь болж өслөө. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын өр зээл таван их наяд төгрөгийн өрийг дарлаа. Бид үр хүүхдэдээ өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байна. Улсын эдийн засаг ч босож байна. Манай гадаад худалдааны эргэлт, экспортын хэмжээ 2018, 2019 онд дээд хэмжээндээ хүрлээ. Энэхүү ололт амжилт ахиц дэмжлэгийг хамтдаа бүтээсэн татвар төлөгчдөдөө баярлалаа. Манай Засгийн газар энэ хугацаанд газрын тосны болон гангын үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, төв цэвэрлэх байгууламж, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарч ажиллалаа. Соёлын яамны шинээр байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Хүүхдийн мөнгө, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмлээ. Алдагдсан Салхитын мөнгөний ордоо төрийн мэдэлд авлаа. Энэ бол газар нутагтаа эзэн болж байгаагийн илрэл гэж бодож байна. Улаанбаатарын утааг 50 хувь бууруулж чадлаа. Цаашид төрөлх сайхан нийслэл хотоо Азийн цагаан дагина болгохын төлөө хамтдаа хүчээ нэгтгэн зүтгэцгээе. Эрхэм хүндэт иргэд, сонгогчдоо Улаанбаатарын утаа сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төр бизнесийн олигарх, бүлэглэлүүдтэй бид тэмцэж байна. Энэ бол ард түмний захилга. Энэ бол улсын аюулгүй байдал. Энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл гэж би ойлгодог. Энэ тэмцлийг манай иргэд уухайлан дэмжиж, тэсгим хүйтэн өвлийн 30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа их жанжныхаа талбайд цуглаж шударга ёсны салхийг сэвэлзүүлснийг та бид санаж байгаа. Тэр үед бид ядарч байна, өлсөж цангаж байна, цалин мөнгө тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүл гэж огт шаардаагүй. Тэд ганцхан зүйлийг шаардсан нь шударга ёс. Шударга сайхан нийгэмд л амьдрахыг ард түмэн минь хүссэн юм. Тэд баялагтаа, эх орондоо эзэн нь байхыг хүссэн юм. Тэд ирээдүй үр хүүхэддээ сайхан Монгол орныг үлдээхийг хүссэн юм. Энэ хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байх ёстой. Улс төр бизнесийг бүлэглэлд хууль бусаар алдагдсан Монголын ард түмний өмч болох Эрдэнэт, Тавантолгой, Багануур, Бор-Өндөр, Салхит, Ноён уул зэрэг байгалийн баялгаа бид төрдөө, улсдаа эргүүлэн авлаа. Цаашид ч бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх болох"-ыг амалсан юм

С.ЭРДЭНЭ
Ардчилсан намын дарга

-Эрхэм хүндэт журмын нөхдөө, эрхэм хүндэт монгол ахан дүүс ээ. Өнөөдөр та бүхэн УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх хариуцлагатай үүргээ баталгаажууллаа. Үзэл бодол үйл хэрэгтээ үнэнч, үзэл баримтлалаараа бахархдаг Ардчилсан намын мянга, мянган гишүүдийн итгэлийг хүлээж, нэр дэвшиж байгаа гишүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. Бид та бүхэнд итгэж байгаа,  Монголын иргэд сонгогчид та бүхэнд итгэж байгаа, ардчиллын мөнхийн торгон  цэргүүд, Ардчиллын мянга мянган гишүүд  итгэж байгаа.

Эдийн засгаа өсгөж, баялгийн сангаа хүртээмжтэй хуваарилсан, хуулиар засагласан, амгалан аюулгүй, Монгол өрх бүрт нь өсөлт бий болж,  хүн бүрт орлого нэмэгдсэн эрх чөлөөт нийгмийг цогцлоож чадна гэдэгт итгэж байна.  Хариуцлагатай алсыг харсан эв нэгдэлтэй байж чадна гэдэгт мөн итгэж байна.

Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд ээ, та бид түүхэн хариуцлагатай  цаг үеийн босгон дээр хамтдаа зогсож байна. Монгол Улс өөдлөн дэвжиж, урагшлан хөгжих учиртай. Бид та бүхэндээ мөн итгэж байна. Ард түмнээ ядууруулж, өр нэмж, хар жагсаалтад оруулж, иргэдийнхээ боломжийг хулгайлж, гэмт хэрэгт холбогдож, ёс зүйгээ уландаа гишгэж байгаа өнөөгийн эрх баригчидтай хариуцлага тооцож чадна гэдэгт бид мөн  итгэж байна. Эрх чөлөө тэгш боломжийн баталгаа болсон ардчиллаа хамгаалж бат зогсоно гэдэгт  итгэж байна. Ялалт амжилтын төлөө хамтдаа урагшлахыг уриалж байна. Биднийг монголчууд дэмжинэ гэдэгт бүрнээ итгэж байна. Баярлалаа та бүхэндээ