Монголын мэдээ

УИХ таван зүйл, Засгийн газар дөрвөн зүйл амлав

#

Монгол улсын найм дахь парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Улс орны амьдралын нэгэн дөрвөн жилийн мөчлөг эхэллээ гэсэн үг. Гэхдээ энэ дөрвөн жилийн мөчлөгийн нэг онцлог нь удирдан залах хүмүүс нь өөрчлөгдөөгүй явдал. УИХ-ын дарга нь ч, Ерөнхий сайд нь ч сонгуулийн өмнөх албан тушаалдаа улирлаа. Эрх барьж байсан хүчин улиран эрх мэдлээ хэрэгжүүлэх нь юу чаддагаа харуулах ховор боломж. Тэд юу амлав?

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2020-2024 онд дараах таван чиглэлд ажиллахаа мэдэгдлээ.

Нэг. Хуулийн реформ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хуулиудыг амилуулна. Эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах шаардлагатай. Үүнд, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг олон хуулийн өөрчлөлтийг хийнэ.

Хоёр. Эдийн засгийн чиглэлээр. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан амлалтаа хэрэгжүүлэх, коронавирусийн халдварт цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, нэгэнт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнд хүргэх нь ойрын зорилт болохыг онцоллоо. Энэ хүрээнд юун түрүүн, банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг нэрлэлээ.

Гурав. Эдийн засгаа солонгоруулах. Энэ зорилт шинэ зүйл биш. Гэсэн ч солонгоруулах зорилт биелээгүй л байна. Уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг өөрчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжинэ. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргана.

Дөрөв. Бас л хуучин сэдэв. Бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарахын тулд УИХ-ын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж үзэж байгаагаа спикер хэллээ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах бөгөөд эдгээр бүтцээр дамжуулан зөвхөн УИХ-ын гишүүдийг биш нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх боломжтой гэлээ.

Тав. Нийгмийн хамгааллын чиглэлээр МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Тэтгэврийн шинэчлэл”, “Бага өртөгтэй орон сууц”, “Тогтвортой амар амгалан гэр бүл” зэрэг хөтөлбөрийг бидэнд санал болгох ажээ.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

2020-2024 онд дараах дөрвөн зорилтыг дэвшүүллээ.

Нэг. Импортлогч улсаас экспортлогч улс болцгооё!

Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм.

Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.

Монголчууд бидний олон арван жилийн хүсэл мөрөөдөл байсан газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, долларын урсгалыг дотооддоо шингээж, Дэлхийн зах зээл дээрх нефьтийн үнэ ханшны савалгаанд автахгүй байх, улсынхаа шатахууны хэрэгцээг хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ.

Үүний зэрэгцээ улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг дотооддоо хангах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Энэ ажлын хүрээнд Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Мөн ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих ажил эхэллээ. Бүс нутгийн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил нь манай улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой төсөл байхын зэрэгцээ мөнхийн хоёр хөрштөйгөө эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн шинэ хуудсыг нээн хамтын ажиллагааны интеграцид орж байна.

Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр логистик зэрэг салбаруудыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төр хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг бэхжүүлэх болно.  Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжиж, хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо ханган, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Хоёр. Нийгэмд шударга ёсыг тогтоож, Цахим Монгол болцгооё!

Энэ зорилтын хүрээнд хийх ажлаа дараах байдлаар томъёоллоо. Үүнд, “Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр засаг байгаа, ард түмэн байгаа гэдгийг цаашид ч мэдрүүлэх болно. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй. Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтооход онцгойлон анхаарч ажиллах болно. Нэн ялангуяа ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль, хүчний байгууллагынхан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллана” гэлээ.

Мэдээлэл технологийн салбарын хөгжлийг Монголын хөгжлийн нэг гол асуудал гэж үзэн Засгийн газрын эхний 100 хоногт багтаан иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээ амаллаа.

Гурав. Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлье!

Энэ зорилтын хүрээнд олон амлалт авлаа. Эдгээрээс онцлон дурдвал, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулах ажлыг эхлүүлнэ, Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжиж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэндийн даатгал, боловсролын тэтгэлэг болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нэг сангаас шийдвэрлэнэ.

200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барьж, чанартай боловсролыг үр хүүхдэдээ олгож, эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлнэ. Иргэдээ жил бүр эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах үндэсний оношилгооны тогтолцоог нэвтрүүлнэ.

Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна.

Дөрөв. Хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангацгаая!

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан, цаашид 80 хувь хүртэл бууруулна. Мөн аймгийн төв, томоохон суурин газруудын агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулахаар төлөвлөж байна. Хариуцлагагүй уул уурхайг эмхэлж цэгцлэх ажил эхэлж, байгаль эхийн нуруу амарч өнгө төрх сэргэж байна. Энэ ажлыг цаашид улам эрчимжүүлж, байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ. Малчин түмэн, таван хошуу мал бол монгол ахуй, монгол оршихуйн үндэс юм. Тиймээс малчдын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах болно.

Орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, малын түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна. Бэлчээрийн менежментийг сайжруулж, усжуулалтын асуудлыг шийдвэрлэнэ. Төвлөрлийг сааруулах тогтолцоог бий болгож, нийслэлийн дагуул хотууд байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлого хэрэгжүүлэх ажлаа улам гүнзгийрүүлэх болно.