Зүүнхангай сумын мэдээ

Увс аймгийн Зүүнхангай сумаас “Алтан төлийн эзэн” тодорлоо

#

Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн малчин Батхуягийн Лхагвабаяр 1993 онд Ховд аймгийн ХАА-н техникумыг Малын эмч мэргэжлээр төгсөж ирээд мал хувьчлалаар мал авч малчин болох гараагаа эхэлжээ. 26 жил тасралтгүй мал маллаж баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан омгийн ямаа, Тэс хэвшлийн адуугаар сүргийн бүтцийг сайжруулж МАА-н салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж байгаа залуу малчдын нэг юм.
Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа, УЗН-ийн хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог нийгүүлсэнгүй үйлст, манлай малчин цол тэмдгээр шагнагдаж байсныг сумын удирдлагууд онцоллоо. 
Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, буянт мал сүргийнхээ чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, улс нийгэмдээ оруулж байгаа хөдөлмөрийг нь үнэлж ХХААХҮЯ, МҮОНРТ-тэй хамтран шалгаруулдаг “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” болзолыг хангасан Б.Лхагвабаярт 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуу, тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөлгч Б.Батмөнх нар шагнал гардуулан баяр хүргэлээ.