Увс аймгийн мэдээ

Австралийн сургалтын тэтгэлэг хөтөлбөрт урьж байна

#

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөлөгчид 2019 оны 03 сарын 10-12-ны хооронд Увс аймагт ажиллаж 2020 оны Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн өргөдөл гаргах талаар заавар зөвлөгөө өгч, танилцуулга хийх тул сонирхсон хүмүүс хамрагдан мэдээлэл авна уу.

Австралийн Засгийн газрын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр нь “Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах иргэдийг чадавхижуулахын тулд хүний нөөц, манлайллын үндэс суурийг тавих” зорилготой олон улсын нэр хүндтэй тэтгэлэг юм. Тэтгэлэг хүртэгчид сурч, судалгаа хийх замаар мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, өөрчлөлтийг удирдах болон Австралийн иргэдтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тусалдаг.

Тэтгэлгийн хүрээнд тодорхойлсон зорилтот салбар, чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийг өргөдөл гаргахыг урьж байна. Өргөдөл гаргах хугацаа 2019 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдөл гаргах болзол шалгуур, сонгон шалгаруулалт, тэтгэлгийн үр шим болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://australiaawardsmongolia.org холбоосоор авч болно.

Өргөдөл гаргагчдыг сонгохдоо тэдний мэргэжлийн болон хувь хүний манлайлах чанарууд, академик чадамж, хамгийн чухал нь, Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд үзүүлж чадах үр нөлөөг харгалзан үнэлдэг.

Сургалтын тэтгэлэг нь Монгол Улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистрын зэргийн боловсрол эзэмших боломж бүрдүүлдэг. Тэтгэлгийг хоёр ангиллаар олгодог. Үүнд:
Ангилал 1: Төв, орон нутгийн төрийн байгууллага, төрийн их, дээд, дунд сургууль, эмнэлэг, төрийн өмч давамгайлсан үйлдвэрийн газруудын албан хаагчид хандана. Тус ангилалд нийт тэтгэлгийн 55 хувийг олгоно.
Ангилал 2: Хувийн хэвшил, иргэний нийгэм ба ТББ-ууд, хувийн эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, хувийн хэвшлийн олон улсын байгууллагуудын Монгол дахь салбарын ажилтнууд хандана. Нийт тэтгэлгийн 45 хувийг энэ ангилалд олгоно.