Монголын мэдээ

Моллаей Саеид Токиод Монголын далбааг мандуулна

#

Эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай тэрбээр иргэншлээ сольж, Монголын тамирчин болоод зогсохгүй энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндаод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна.Иран тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос болж Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. Харин Моллаей энэ шийдвэрийг сөрж ганцаараа Токиод очиж барилдсан юм. ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Моллаей Саеидын явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдэж байжээ.

МОЛЛАЕЙ САЕИД ГЭЖ ХЭН БЭ?

Үндэс угсаа: Иран

Төрсөн он: 1992.01.05 (27 настай)

Төрсөн газар: Иран улс Тегран хот

Өндөр: 175 см

Жин: 81 кг

ГАРГАСАН АМЖИЛТ :

  • 2018 Баку ДАШТ алт
  • 2017 Будапешт ДАШТ хүрэл
  • 2018 Жакарта Азийн наадам мөнгө
  • 2017 Хонг Конг Азийн аварга мөнгө
  • 2016 Ташкент Азийн аварга хүрэл
  • 2015 Кувейт Азийн аварга хүрэл
  • 2017 Исламын эв санааны наадам алт

ТОКИО-2020-ИОС ЖҮДОГООР АЛТ "АВНА"

2018 оны Дэлхийн аварга, 2017 оны Дэлхийн хүрэл медальт, дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэтэй, Ираны төдийгүй дэлхийн жудо бөхийн энэ цагийн төлөөлөл Моллаей Саеид өнгөрөгч буюу арваннэгдүгээр сарын сүүлээр Монгол Улсын иргэншил авах хүсэлтээ Гадаадын иргэн, харьяатын газарт өгч улмаар хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн тухай Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ.

2020 оны Токиогийн олимпийн гол фаворитын нэг Моллаей Саеид 2019 оны ДАШТ-д аваргаа хамгаалах зорилготой ирж, хэсгээ ч толгойлон хасагдах шатанд Бельгийн Матиас Кассэ-тэй учраа таарсан ч Ираны жудо бөхийн холбоо түүнийг барилдуулахаас татгалзан тэмцээнээс түүний нэрийг татсан билээ. Учир нь хэрвээ

Моллаей Саеид тус барилдаанд ялвал, эсрэг талд нь Израилийн Саки Муки-тай аваргын төлөө шалгарах байсан тул түүний нэрийг татсан байна.

Иран, Израиль хоёр 1947 оноос хойш улс төр, шашны асуудлаас болж дайтаж байгаа учир Моллаей Саеид-Саки Муки гэсэн өрсөлдөөнийг гаргахгүйн тулд түүний нэрийг хүчээр татсан байна. Ийнхүү 2019 оны Токиогийн ДАШТ-д Израилийн Саки Муки түрүүлж, дэлхийн чансааг өдгөө тэргүүлж байгаа билээ. Харин Моллаей Саеид наймдугаар сард явагдсан тус ДАШТ-нээс хойш нутаг буцалгүй, Герман улсаас хоёр жилийн хугацаатай орогнол хүсэн амьдарч, бэлтгэл сургуулилтаа базаажээ.Тэрбээр саяхан болсон Осакагийн Гранд Сламд Олон улсын жудогийн бөхийн холбооны нэр дээрээс оролцож, наймдугаар сараас хойш анх удаа татамид гарсан аж. Олон улсын жудо бөхийн холбооноос иргэншлээ сольж буй бөхийн гаргасан амжилт болон дэлхийн чансааг нь хураадаг ч Моллаей Саеидын хувьд улс төрийн асуудлын улмаас иргэншлээ сольж байгаа учир түүний амжилт болон чансааг нь хэвээр үлдээхээр болжээ. Харин IJF буюу Олон улсын жудогийн холбооноос Ираны жудо бөхийн холбоог олон улсын тэмцээнд орох эрхийг нь хасаад байсан билээ.

Монгол Улсын хувьд эрэгтэйчүүдийн -81 кг-д О.Ууганбаатар болон Н.Даваасүрэн нар олимпод сойгдож байсан боловч ийнхүү Моллаей Саеид нэмэгдснээр Токио-2020 олимпд Монгол Улсын нэр дээрээс барилдах бөхийн асуудал шийдэгдэж, уналтанд ороод буй жудо бөхийн амжилтыг сэргээх нь гарцаагүй биз.

Моллаей ийнхүү Монголын багт барилдсанаар ирэх жилийн Токиогийн олимпоос жүдогийн төрлөөр алт биш гэхэд мөнгө, хүрлийн нэгийг авах боломж үүсч байна хэмээн жүдо сонирхогчид таамаг дэвшүүлээд эхэлжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЗАРЛИГ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол харьяат болгов. Моллаей Саеид нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан  алдартай тамирчин юм.